Сувдан эдлэлийн хамгийн сонгодог загвар гэвэл маргаангүй хүзүүний зүүлт. Хүзүүний зүүлт маш олон янзын загвар, хэмжээтэй. Хэлхээнд орсон бүх сувд бүгд нэг ижил хэмжээтэй, эсвэл хамгийн том нэг сувдыг хэлхээний голд хийгээд хоёр зах руу нь хэмжээг нь жижигсгэн уруудуулж хэлхэж болно. Загвар, сувдны хэмжээ, мөн сувдны сонголт нь тухайн эдлэлийн үнэ цэнэ, хийц загварыг аль алийг нь тодорхойлоход чухал үүрэгтэй.
Сувдны ямар хэмжээтэйг сонгох нь нэг талаас тухайн хувь хүний сонирхол, үзэмж боловч нөгөө талаасаа уламжлалтай холбоотой. Тухайлбал, зүүж буй сувдны хэмжээ нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж болно. Мөн сувдны хэмжээ зүүсэн эзнийхээ насанд тохирч байх ёстой. 6 мм хүртэлх хэмжээтэй сувд охид болон 20 гаран насны залуу бүсгүйчүүдэд тохиромжтой. Жижиг сувднууд загварлаг, залуу өнгө төрхийг илтгэдэг. Харин 6.5-8 мм-ийн хэмжээтэй сувд 30 гарсан болон арай ахимаг настай эмэгтэйчүүдэд илүү тохирно. Ийм хэмжээтэй сувд эрхэмсэг, чинээлэг байдлыг илтгэнэ. Том хэмжээтэй 9-10 мм-ийн сувд маш ховор бөгөөд үнэтэй. Ийм зүүлт эзнээ маш чухал, онцгой арга хэмжээ, үйл явдал дээр ирснийг илтгэнэ.
Хүзүүний зүүлтний загварууд
- Choker маягийн зүүлт нь 30-40 см урттай, хүзүүнд нэлээд дээгүүр зүүж таардаг.
- Princess маягийн зүүлт нь 40-50 см урттай, сонгодог гэж хэлж болох урттай зүүлт. Ямар ч хэлбэрийн захтай хувцсан дээр зохино.
- Matinee маягийн зүүлт нь 50-60 см урттай, хагас албаны арга хэмжээнд ихэвчлэн зүүдэг, даашинз болон хослолтой зохицно.
- Opera маягийн зүүлт нь 70-80 см урттай, албан ёсны арга хэмжээд үдшийн даашинзтай хослуулан зүүнэ. Зүүлт хөхний тойрогний доогуур унжиж байх ёстой. Өдрийн цагаар тийм ч албаны бус арга хэмжээний үеэр хүзүүгээ хоёр ороон зүүж болно.
- Rope маягийн зүүлт нь 90 см болон түүнээс дээш урттай, хүзүүний сувдан зүүлтний хувьд хамгийн урт нь. Хоёр, эсвэл гурав ороож, үгүй бол зангилж зүүсэн ч болно.